ТӨМӨР-ОЧИРЫН МАНД-ОЧИР
(1948-2022)
Бидний хүндэт нөхөр Монгол улсын Гавъяат барилгачин Төмөр-Очир овогтой Манд-Очир нь 2022 оны 06-р сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Т.Манд-Очир нь 1948 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж, 1964-1968 онд Төмөр замын техникумыг Авто замын техникч мэргэжлээр төгссөн. 1968 оноос Хөвсгөл аймгийн Зам барилгын ангид мастераар томилогдон ирснээс хойш зам гүүрийн барилга засвар ашиглалтын конторт дарга, ерөнхий инженер, Сэлэнгэ Шаамарын гүүр ангийн дарга, 1980-1986 онд Гүүр барилгын конторын нүүдлийн гүүр ангид дарга, даамал, гражийн дарга, 1986 – 1988 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Зам ашиглалтын ангийн дарга, 1988 оноос Гангүүр ХХК-д гүүр барилгын даамлаар одоог хүртэл ажилласан бөгөөд Зам, гүүрийн салбарт 54 жил ажилласан болно.
Т.Манд-Очир нь улс ардын аж ахуйн онц чухал обьект болох Сэлэнгэ Шаамарын төмөр бетон гүүр, Туул Зайсан, Туул-Овоот, Заамар,Сэлэнгийн Гурт, Туул Лүнгийн, Элсэн тасархай, Улаанбаатар хотын троллейбусны гүүр, Хүнсний 20-р дэлгүүрийн урд байрлах явган хүний нүхэн гарц, Туул-Шувууны гүүр, Гурвалжингийн гүүрэн гарц, Зэлтэрийн 240 у/м төмөр бетон гүүр, Зүүнбүрэнгийн төмөр бетон гүүр, Их тэнгэрийн чиглэлийн замын засвар, Бэлхийн төмөр бетон гүүр, ХIII хороололын борооны ус зайлуулах байгууламж, Улааанбаатар-Алтанбулаг чиглэлийн зам гүүр, хоолойн засварын ажил, Булган Эгийн голын төмөрбетон гүүр, Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн замын гүүр хоолойн засварын ажил, Булган аймгийн Хануйн төмөр бетон гүүр, Сүхбаатар аймгийн Онгон сум Хавиргын булагийн төмөр бетон гүүр, Туул гол Баянзүрхийн гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын Хэрлэн голын төмөр бетон гүүрийн засвар, шинэчлэлтийн ажил, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт баригдсан 210,64 у/м төмөр бетон гүүрийн ажил, Дулааны 4 цахилгаан станцаас яармагийн гэр хороолол хүртэлх дулааны шугамын зориулалтаар баригдах Туул голын 152,5 у/м төмөрбетон гүүр, Хэнтий аймгийн Дадал сумын Онон голын 209 у/м төмөр бетон гүүрийн их засвар шинэчлэлтийн ажил, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м төмөр бетон гүүр, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын 209 у/м төмөр бетон гүүр, Таван толгойн Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн төмөр замын гүүрийг шинэ технологоор барьсан.
Төр засгаас түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж 1974 онд Y, 1979 онд YI, 1984 онд YII, 1989 онд YIII таван жилийн гавшгайч, 1990, 1995, 2002, 2009, 2012 оны байгууллагын Хөдөлмөрийн аварга, 1994 онд “Тэргүүний замчин “ цол тэмдэг, 2006 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2009 онд Авто замчдын 80 жилийн ойг тохиолдуулан Авто замчдын холбооны шагнал “ Тэргүүний талбайн даамал” номинаци, 2010 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шагнал “Нийслэлийн хүндэт тэмдэг”, 2013 онд “Алтан гадас” одонгоор, 2021 онд Монгол улсын төрийн дээд шагнал “Гавьяат барилгачин” цол тэмдгээр тус тус шагнасан.
Монгол улсын Авто замын салбарын Гавъяат барилгачин Т.Манд-Очирын хийсэн бүтээл, байгуулсан гавъяа зүтгэл, ажилч хичээнгүй дүр төрх, найрсаг, шударга зан чанар нь гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, мэргэжил нэгт замчид, гүүрчид бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдан байх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
“Гангүүр” ХХК-ийн хамт олон